Life4ever

Minii chadan yadan hiisen blogt tawtai moril

For students of Nursing school SURAH bichig PULMO zassan

Ц.Цэндсүрэн, Ч.Энхтуул, Н.Янжмаа

Амьсгалын эрхтний эмгэгүүд, төрөлжсөн

сувилахуйн үйл ажиллагаа

А. Амьсгалын эрхтний эмгэгүүдийн тухай

Амьсгалын тогтолцоонд хамар, ам, хөөмий, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, цулцан гэсэн бүтцүүд ордог.

Амьсгалын үйл ажиллагааг

ь Агааржуулалт гадаад амьсгал

ь Цулцан-цусны хийн солилцоо

ь Цусаар хий тээвэрлэх

ь Цус эдийн хийн солилцоо дотоод амьсгал

ь Эд дэх исэлдэн ангижрах урвал гэсэн 5 шатанд хуваадаг.

Амьсгалын эрхтний эмгэгүүдийг оношлоход сонжих ба шинжих үзлэг, лаборатори болон багажийн шинжилгээ хийнэ.

Үзлэгээр ажиглах, илэх, даран барих, тогших, чагнах үзлэгүүд хийнэ

Шинжилгээ: цусны ерөнхий шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, цусны бүлэгнэх чадварыг тодорхойлох шинжилгээ, цусны хийн шинжилгээ, цэрний ерөнхий шинжилгээ, цэрний нянгийн шинжилгээ, гялтангын шингэнийг шинжлэх, сүрьеэгийн савханцрыг тодорхойлох аргууд, дархлалын шинжилгээ, цээжний рентген зураг авах, компъютерт томографи, цээжний хэт авиан шинжилгээ, амьсгалын эрхтнийг судлах дурангийн шинжилгээ, гадаад амьсгалын үйл ажиллагааны сорил зэрэг шинжилгээнүүдийг хийнэ.

Амьсгалын эрхтний эмгэгтэй хүмүүст түгээмэл илрэх өвөрмөц шинжүүд:

  • ханиалгах
  • цэр гарах
  • цусаар ханиах
  • амьсгаадах
  • амьсгал боогдох
  • цээж өвдөх зэрэг өвөрмөц шинжүүд түгээмлээр гардаг.

Олонтой тохиолдох эмгэгүүд нь уушгины үрэвсэл, уушгины архаг бөглөрөлтөт өвчин, гуурсан хооолойн багтраа, гуурсан хоолой тэлэгдэх өвчин юм.

Уушгины үрэвсэл

Тодорхойлолт. Вирүс, нян, харшил төрүүлэгчид болон бусад шалтгаанаар уушгины эд үрэвсэж, агаарын сэлгэцэл хийх чадвар хязгаарлагдан хүчилтөрөгч хомсдосноос амьсгал, зүрх судас цусны эргэлтийн дутагдалд хүргэдэг өвчин.

Эпидемиологи. Антибиотик эмчилгээний хөгжлийн өнөө үед уушгины үрэвсэл нь анагаах ухааны тулгамдсан асуудлуудын нэг эвээр байсаар байна. Сүүлийн арван жилүүдэд дэлхий нийтэд хүнд явцтай, үхэлд хүргэдэг, антибиотикт тэсвэртэй штаммаар үүсгэгдсэн уушгины үрэвслийн тохиодол ихсэх хандлагатай байна.

Ангилал

Үүссэн байдлаар нь:

1. Эмнэлгээс гадуур үүссэн (Community-acquired pneumonia)

2. Эмнэлэгт үүссэн (Hospital-acquired (nosocomial) pneumonia, эмнэлэгт хэвтээд 72 цагаас дээш хугацаа өнгөрснөөс хойш үүссэн)

3. Уушгины хэв шинжит бус үрэвсэл

4. Дархлаа дарангуйлагдсан хүмүүст үүссэн (Acute (subacute) pulmonary infiltrates in immunkcompromised patients)

Үүсгэгчээр нь:

· Вирусийн

· Нянгийн

· Орнитозын

· Риккетсийн

· Микопазмын

· Мөөгөнцрийн

· Харшлын, халдвар харшлын

· Хавсарсан

· Шалтгаан тодорхойгүй

Уушгины аль хэсгийг давамгайлан хамарснаас нь:

· Дэлбэнгийн

· Голомтот (бронхопневмони)

· Завсрын эдийн

Хүндийн зэргээр нь

· Хөнгөн

· Хүндэвтэр

· Хүнд

Эмнэл зүйд амьсгаадах, ханиах, халуурах, цээжээр өвдөх, хамар уруулын гурвалжин, хурууны үзүүр хөхрөх, ядрах, хоол нойронд муудах гэх зэрэг шинжүүд илэрнэ.

Оношилгоо

Уушгины үрэвслийн оношийг дараах шинжүүдийн үндсэн дээр тодорхойлдог.

Үүнд:

· Зовиур: үүсгэгч тус бүрийн хувьд онцлог шинжүүд илрэх бөгөөд тэдгээрийн динамик өөрчлөлтийг сайтар ажиглах хэрэгтэй.

· Анамнез: уушгины нэвчдэс үүсэх, гялтангийн хөндийд шингэн хурах, уушгины эдэд халдварын деструкци үүсэх болон хордлогын хам шинжүүд тодорхойлогдоно.

· Үзлэг: уушгинд нэвчдэс үүсэх, гялтангийн хөндийд шингэн хурах, уушгины эдэд халдварын деструкци үүсэх болон хордлогын хам жиншүүд тодорхойлогдоно.

· Лабораторын шинжилгээнд: цусанд үрэвслийн шинжүүд илэрнэ.

· Цэрэнд үүсгэгчийг тодорхойлох нь онош, эмчилгээний ач холбогдолтой байна. Цэрэнд >106, БАЛШ-нд >104 нян илрэх нь оношийн ач холбогдолтой гэж үздэг.

· Гадаад амьсгалын үйл ажиллагаа: ихэвчлэн рестриктив хэлбэрийн агааржилтын дутагдал, гипоксеми илэрч, зарим тохиолдолд гуурсан хоолой бөглөрсөн шинжүүд тодорхойлогдоно.

· Иммунологийн шинжилгээгээр дархлалын тогтолцооны байдлыг үнэлэх

· Вирусологи, серологийн шинжилгээг антибиотик эмчилгээ үр дүнгүй байх, уушгины үрэвслийн явц хүндрэх, өвчний шинж тэмдэг бүдэг илрэх нөхцөлд хийх заалттай байдаг.

· Цээжний рентгенограмм (олон байрлалд авагдсан) дээр уушгины зураглал олширсон, голомтот болон сегмент, дэлбэн, уушгийг хамарсан зах ирмэг нь тодорхой бус, нэг төрлийн бус нэвчдэст сүүдэр гарсан.

· Цусны өсгөвөрлөх шинжилгээнд няг ургах

· Өвчний эдгэрэлт удаашрах, хүндрэл гарах, эмчилгээ үр дүн муутай байх үед нэвчдэст сүрьеэ, шигдээс, хавдар зэргээс ялган оношлох, хүндрэлийг тодорхойлох зорилгоор компьютерт томографи, бронхоскопи, ангиопульмонографи, сцинтиграфи, трансторакаль аспирацийн биопси, транстрахеаль пункцийн биологи, торакоскопийн шинжилгээ хийнэ.

Хүндрэл: буглаа, плеврит, эмфизем, бусад эрхтэн тогтолцоо эмгэгших;

Эмчилгээний ерөнхий зарчим

Уушгины үрэвслийн ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх заалттай байдаг. Өвчтөн халуурсан, хордлогын шинжүүд илэрсэн, хүндрэл гарсан үед хэвтрийн дэглэм сахиулна. Мөн өвчтөний асаргааг их анхаарах хэрэгтэй. Өрөөг саруулхан, гэгээтэй байлгаж, агааржуулж, чийгтэй цэвэрлэгээ хийж, өвчтөний амны хөндийг сайтар цэвэрлэнэ.

Бөөр, зүрх судасны дутагдал үгүй бол хоногт 2-3 литр шингэн уулгаж, уураг, нүүрс ус, витаминаар баялаг хоол өгч, архи, тамхийг хориглодог.

Халдварын эсрэг эмчилгээний ерөнхий зарчим:

· Эмчилгээг аль болох эрт эхлэх, хордлогын шинж тэмдэг арилж, халуун бууртал, нэвчдэс шимэгдтэл ойролцоогоор 7-14 хоног хэрэглэх

· Халдварын эсрэг эмчилгээ үр дүнгүй байх тохиолдолд 2-3 хоноод солих

· В группийн витамины дутагдал, кандидоз, дисбактериозыг цаг тухайд нь эмчилж, дархлааг хянаж байх

· Өндөр идэвхитэй, хоруу чанар багатай антибиотикийг сонгох, тун, хэрэглэх арга болон хугацааг зөв тодорхойлох

· Эмийн фармакокинетийг сайн мэдэх, өвчтөнд гарч болох гаж нөлөөг бодолцох

· Халдварын эсрэг эмийг нянгийн антибиотик мэдрэх чанарыг тодорхойлсны үндсэн дээр сонгох (хүснэгт 12.5). Шинжилгээний хариу гарахаас өмнө эмнэлзүйн шинжүүд, бактериоскопийн шинжилгээг үндэслэн нянгийн эсрэг эмчилгээг сонгох нь зүйтэй.

· Гуурсан хоолойн дренажийн үйл ажиллагааг сайжруулах нь үрэвслийн нэвчдэсийн шимэгдэлтийг түргэсгэнэ. Энэ зорилгоор цэр ховхлох болон цэр шингэлэх эмчилгээ хийдэг. Уушгины буглаа үүссэн, гуурсан хоолойн идээт үрэвсэл хавсарсан тохиолдолд дурангийн тусламжтай 1% диоксид, фурагины уусмалаар гуурсан хоолойн санац хийж, мөгөөрсөн хоолойн гөлгөр булчин агшсан үед бронхопитикийг хэрэглэнэ.

· Хордлогын эсрэг эмчилгээ хийх

· Гепарин тарих

· Дархлалыг зохицуулах

· Гарсан хүндрэлийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх

· Нэвчдэсийн шимэгдэлтийг түргэсгэх эмчилгээний биеийн тамир, цээжний массаж, физик эмчилгээ.

· Хоол эмчилгээ

· Нөхөн сэргээх эмчилгээ

Асаргаа сувилгаа

1. Дэглэм: өрөө тасалгаа дулаан чийглэг, хүн цөөхөн цэвэрхэн байлгах, чийг даадаггүй чөлөөтэй хөвөн даавуун ноосон хувцас өмсгөнө. Сайн унтуулж амраана. Архи тамхи хэрэглэхийг хориглоно.

2. Хоол: ойр ойрхон бага багаар илчлэг сайтай уураглаг, витаминлаг, шингэц сайтай хоол өгнө. Халуунтай, хордлогын шинж ихтэй тохиолдолд шүлтлэг шингэн хоногт 2-3л хүртэл уулгана.

Урьдчилан сэргийлэлт

1. Улиралд нь тохируулж хувцаслах

2. Халдвартай өвчтэй хүнтэй хамт байхаас зайлсхийх

3. Илчлэг сайтай тэжээллэг хоол хүнс хэрэглэх

4. Утаа тортог, агаарын бохирдолтоос хол байх

5. Ханиад хүрсэн бол тэр даруйд нь эмчлэх хэрэгтэй

Гуурсан хоолой тэлэгдэх өвчин (БЭБ- Бронхоэктатическая болезнь, Bronchoectasia)

Хэсэг газрын гуурсан хоолойнууд өргөсөх, хэлбэр дүрсээ алдах зэргээр бүтцийн өөрчлөлтөнд орж, үйл ажиллагаа нь хямран идээт үрэвсэл үүсэхийг гуурсан хоолой тэлэгдэх өвчин гэнэ.

Шалтгаан, эмгэг жам

Бага насанд өвчилсөн амьсгалын замын халдварт өвчин их нөлөөтэй (хөхүүл ханиад, улаан бурхан, аденовирусын халдвар). Гуурсан хоолойн хана архаг үрэвслийн улмаас сорвижлын өөрчлөлтөнд орж, улмаар тэлэгдэнэ.

Эмнэл зүй

Цэртэй ханиах. Ихэвчлэн өглөөний цагаар, өвчтөний тодорхой байрлалд, цэрний хэмжээ их байна. Сэдэрсэн үед цэртэй ханиалга нэмэгдэнэ, цэр ногоон өнгөтөй, хоногт 100-300мл-ээс 1 л хүртэл байж болно. 24-34%-д нь цустай цэр гардаг. Сэдэрлийн үед халуурах, хөлрөх, бие сулрах шинжүүд гарна.

Хуруунуудын үзүүр бөмбөрийн цохиур шиг болж, хумс бөмбийн зузаардаг. Цээжний хэнхэцэг деформаци болсон байна.

Тогшиход цэр хуримтлагдсан газар тогшилтын дуу бүдгэрч, хийгээр тэлэгдсэн газар тод байж болно.

Чагнахад хэсэг газар тогтвортой дунд, том бөмбөлөгт нойтон хэржигнүүр, мөн олон тооны хуурай нойтон хэржигнүүр сонсогдож эмчилгээний дараа арилна.

Рентгенд: эгц зурагт уушигны зураглал хэлбэр дүрсээ алдсан, тор хэлбэрийн пневмосклероз үүссэн, уушигны агааржуулалт ихэссэн шинжүүд тодорхойлогдоно. Мөн уушигны угийн зураглал “ тасархай ”, заримдаа шингэний түвшинтэй хөндийт өөрчлөлт тодорхойлогдоно.

КТ-т “зөгийн үүр” хэлбэрийн деформаци, гуурсан хоолойн хана зузаарсан, уушгинд фиброз, үрэвслийн нэвчдэс тодорхойлогдоно.

Дуранд идээт эндобронхит, цус харвалт, улайлт, шархлаа, полип, грануляци,

Бронхографийн шинжилгээнд жижиг уут хэлбэрийн тэлэгдэл үүссэн үед хүзүүний зүүлт, олон тооны гуурсан хоолойн тэлэгдэл нь усан үзмийн багцыг санагдуулна.

ГАҮА-ны шинжилгээнд бөглөрөлтөт болон рестриктив хэлбэрийн агааржуулалтын дутагдлын шинж тодорхойлогдоно.

Хүндрэл: уушги тэлэгдэх, уушгин зүрх, цус алдах

Эмчилгээ

§ Мэс эмчилгээ ( сегмент, дэлбэнг хамарсан бага хэмжээтэй, амьсгалын дутагдал үгүй бол )

§ Халгаат хүчин зүйлээс зайлсхийх

§ Чанартай уураг витаминаар баялаг хоол унд хэрэглэх

§ Гуурсан хоолойн дренажийн үйл ажиллагааг сайжруулах, хуримтлагдсан цэр салсыг гадагшлуулах, антисептиз уусмалаар угаах, байрлалын дренаж, доргионт массаж

§ Нянгийн эсрэг эмчилгээ

§ Цэр шингэлэх, ховхлох эмчилгээ

Асаргаа сувилгаа

ь өвчний сэдрэлийн үед хэвтрийн дэглэм сахиулах, тайван байлгах, орны толгойг өндөрлөх, хөлд бүлээн жин тавих, сул чөлөөтэй даавуун материалан хувцас өмсүүлэх,

ь өрөө тасалгаа дулаан байх/ 18-21 хэм/, цэвэр саруул, тав тухтай, өрөөнд цэвэр агаар оруулж байх, өрөөнд чийгтэй цэвэрлэгээ хийх

ь илчлэг хоолыг бага багаар ойр ойрхон хэрэглэх,

ь хүйтэн агаараар амьсгалуулахгүй байх

ь сод, төмсний уураар утлага хийх

ь амьсгалын өөрчлөлтийг 2-4 цаг тутамд үнэлэх

ь шаардлагатай бол хүчилтөрөгч өгөх

ь цэрийг гадагшлуулах зорилгоор гударган хэвтүүлж, цэжинд доргиох массаж хийх

ь цэрийг залгихгүй байхыг зөвлөх, цэр гарч гарч байгаа үед амыг буцалсан ус, содын уусмалаар зайлуулах

ь хлорамины уусмал хийсэн таглаатай шил өгч цэрийг хийлгэж, цэрний өнгө, үнэр, хэмжээг ажиглана.

ь Хоногт 2-3 литр шингэн уулгана.

Урьдчилан сэргийлэх

Амьсгалын эрхтэнд үзүүлж буй гадаад орчны таагүй нөлөөллийг арилгах, багасгах:

ь Тамхи, агаарын бохирдолтой тэмцэх

ь ажлын нөхцөлийг сайжруулах

ь Агаарын бохирдолтой тэмцэх, гадаад орчны таагүй нөлөөллийг багасгах, арилгах

ь Зөв хувцаслах

ь амьсгалын замын үрэвслийг цаг тухайд нь бүрэн эмчлэх

ь биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийлгэх

ь иргэдэд өвчний тухай мэдлэг олгох

ь хэт ядрахаас сэргийлэх

ь эрүүл ахуйн дэглэмд сургах

ь Дулааны улиралд цэвэр агаар, нар салхинд амрах, халуун элс, зүлэг ногоон дээгүүр хөл нүцгэн явуулж чийрэгжүүлэх

ь Ханиад томуу, амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх: маск зүүх, зөв хувцаслах, халдварт өвчтэй хүнтэй хамт байхаас зайлсхийх

ь Хүүхдийг вакцинд хамруулах

Уушгины архаг бөглөрөлтөт өвчин /УАБӨ/

Халдвар, харшлын улмаас гурван сараас дээш удаан хугацаагаар цэртэй ханиалгасан, гуурсан хоолойн хана үрэвсэн, түүний шүүрэл ялгаруулах, цэвэршүүлэх, хамгаалах үйл ажиллагаа хямран гуурсан хоолойн хана сорвижсон, амьсгалын үйл ажиллагаа хямарсан эмгэг байдал. Гуурсан хоолойн архаг үрэвсэл болон эмфизем хоёрын шалтгаан адил, хавсран тохиолддог, давшингуй явцтай, бөглөрөлтөт хэлбэрийн агааржилтын дутагдлаар илэрдэг тул сүүлийн үед уушгины архаг бөглөрөлтөд өвчин гэдэг нэг нэрийн дор авч үзэх болсон.

УАБӨ үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд:

1. Тамхины утаа

2. Агаарын бохирдол

3. Ажлын таагүй нөхцөл (тоосонцор, хорт хий, уур, хэт халуун , хэт хүйтэн г.м)

4. Удамшлын хүчин зүйл (IgA –ийн дутагдалгуурсан хоолойн дутуу хөгжил)

5. Цаг агаарын тааламжгүй үйлчлэл

6. Амьсгалын замын халдвар

7. Хамар залгиур, хамрын хөндийн эмгэг

Эмгэг жам

Хэвийн үед сормууст эпители, шүүрлийн булчирхай, хундаган эсүүд харилцан уялдаатай ажилладаг. Үүнийг мука-цилиар цэвэрлэгээ гэдэг ба үүний үр дүнд гуурсан хоолойн шүүрэл 2 цаг тутамд шинэчлэгдэж байдаг. Гадаад шалтгааны хүчин зүйлүүд нөлөөлснөөс амьсгалын эрхтний хамгаалах тогтолцоо хямардаг. УАБӨ-ий үед шүүрлийн булчирхай, хундганцар эсүүд гипертрофи, гиперплазийн өөрчлөлтөнд орно, сормуст эсүүд цөөрч, үйл ажиллагаа нь алдагддаг тул шүүрлийн гадагшлалт удааширч, их хэмжээний өтгөн цэр бронхиолуудыг бөглөдөг. Үрэвслийн улмаас гуурсан хоолойн хана хавагнана, гөлгөр булчин агшина, гуурсан хоолойн хана бүтцийн эргэшгүй өөрчлөлт үүснэ.

Энэ үед цээжний хэлбэр өөрчлөгдөж торх хэлбэртэй болох, хуруунуудын үзүүр бөөрөнхий хумс нь бөмбөгөр болох, хөхрөлт үүсэх, цэртэй ханиах шинжүүд илэрнэ.

Эмнэл зүй: ханиах, амьсгаадах, цэр гарах, хөлрөх, бие сулрах, халуурах, амархан ядрах, ажлын чадвар буурах.

Гуурсан хоолойн бөглөрөл байгааг илтгэх эмнэлзүйн шинжүүд:

1. Хүчтэй бөгшүүлэн, хий ханиалгаж, цэрний ялгаралт муу байх

2. Амьсгаадах, амьсгал гаргалт удаашрах, бэрхшээлтэй байх

3. чагнахад амьсгал гаргалт дээр хуурай хэржигнүүр сонсогдох

4. Бодит үзлэгээр уушигны агааржилт ихэссэн шинжүүд тодорхойлогдох

5. Спирометрийн шинжилгээнд (ГАҮА-ны шинжилгээ)бөглөрөлтөт (обструктив) хэлбэрийн агааржилтын дутагдлын шинжүүд илрэх

УАБӨ-ий үйл ажиллагааны үндсэн шалгуур нь эхний 1 ба 3 секунд дэх огцом гаргах агаарын эзэлхүүн тогтвортой буурч байх явдал юм.(ОГАЭ1, ОГАЭ3, FEV1, FEV3)

Хүндрэл

Уушгины үрэвсэл, Гуурсан хоолойн багтраа

Шинжилгээ

§ ГАҮА-ны шинжилгээ:Тиффногийн индекс буурах

§ Цусны хийн шинжилгээнд гарах өөрчлөлтүүд: гипоксеми, гиперкапни, хүнд үед амьсгалын ацидоз

§ Рентген:нэвчдэс, пневмоторакс байгаа эсэхийг нягтлах

§ КТ шинжилгээнд: эмфизем, пневмосклероз үүссэн, гуурсан хоолойнууд өргөсч хана нь зузаарсан байна

§ Гуурсан хоолойн дурангийн шинжилгээ:мөгөөрсөн хоолойн дискинези, үрэвслийн идэвх, хэлбэр, байрлалыг тогтоох, шинжилгээнд материал авах, идээт эндобронхитыг эмчлэх ач хобогдолтой

§ Бронхографын шинжилгээ

§ Цусны шинжилгээнд: эритроцитоз, СОЭ буурсан

§ Биохимийн шинжилгээнд: өвөрмөц бус үрэвслийн шинж

§ Цэрний шинжилгээ: нейтрофил, гуурсан хоолойн эпитель, макрофагийн тоо олширсон, сиалын хүчлийн хэмжээ ихэссэн, цэрэнд нянгийн шинжилгээ хийх нь онош, эмчилгээний ач холбогдолтой

§ ЭКГ, ЭХОкардиографи

Эмчилгээ

§ Халгаат хүчин зүйлийг багасгах (Тамхинаас татгалзах, Агаарын бохирдол, Ажлын таагүй нөхцөлийг зохицуулах, амьдрах орчинг солих, Амьсгалын замын халдварыг эрүүлжүүлэх )

§ Томуугийн вакцин

§ Бронхолитик - гуурсан хоолойн агаар дамжилтыг сэргээх зорилгоор гуурсан хоолойг өргөсгөх: сальбутамол, вентолин

§ Цэр шингэлэх, ховхло эмүүд – гуурсан хоолойн дренаж үйл ажиллагааг сайжруулах зорилгоор: тарваган шиир, калийн йодид

§ Халдварын эсрэг эмчилгээ (үрэвсэл сэдэрсэн үед 7-10 хоног нянийн эсрэг эмчилгээ-антибиотек, сульфаниламид, нитрофуран, трихопол)

§ Ойр ойрхон сэдрэх хандлагатай бол ингаляцын кортикостероид эмчилгээ

Амьсгалын дутагдлын эмчилгээ:

§ O2

§ Хордлогын эсрэг эмчилгээ: дегстран, NaCL, 5% глюкозын уусмал,

§ Кальцийн антогонист

§ Антикоагулянт

§ Антиагрегант

Физик эмчилгээ

Кварц, солюкс, электрофорез, шавар, тосон эмчилгээ, эмчилгээний биеийн тамир, амьсгалын дасгал

Урьдчилан сэргийлэх

§ Амьсгалын эрхтэнд үзүүлж буй гадаад орчны таагүй нөлөөллийг арилгах, багасгах: тамхитай, агаарын бохирдолтой тэмцэх, ажлын нөхцөлийг сайжруулах, амьсгалын замын үрэвслийг цаг тухайд нь бүрэн эмчлэх,биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийлгэх, иргэдэд өвчний тухай мэдлэг олгох, эрүүл ахуйн дэглэмд сургах.

Гуурсан хоолойн багтраа /Бронхиальная астма/

Халдвар, харшил, дархлалын болон дархлалын бус эмгэг жамаар гуурсан хоолойн булчин агшиж, салст хавагнаж, шүүрэл ихэссэнээс амьсгалын зам нарийсан гэнэт ханиалгах, амьсгал боогдох, бачуурах шинжээр илэрдэг архаг дахилтат явцтай өвчинг гуурсан хоолойн багтраа гэнэ.

Шалтгаан, эмгэг жам. Шалтгааныг гадаад ба дотоод хүчин зүйл гэж хуваана. Амьсгалын замд орсон харшил төрүүлэгч багтрааг үүсгэнэ. Харшил төрүүлэгчийг халдварын ба халдварын бус гэж хуваана.

Эмнэл зүй: багтрал болохын өмнө хамар битүүрэх, нус гоожих, найтаах, ханиах, хоолой сэрвэгнэх, амьсгаадах шинжүүд илэрч болно.

Багтраа хөдөлсөн шинжүүд:

· амьсгал гаргалт удаашрах

· исгэрсэн хяхтнасан амьсгал зайнаас сонсогдох

· албадмал байрлалд орох

· нүүр нь хөхөрсөн, цайсан, хүйтэн хөлс нь чийхарсан, айж сандарсан байна.

Хүндрэл: хөшингө багтраа, уушги зүрхний хам шинж, цээжний гялтангийн хөндийд хий хуримтлагдах/ Пневмоторакс/, Тархины цусан хангамж дутагдах

Оношлогоо

ь Анамнез (зовиур, шөнийн цагаар хүчтэй бөгшүүлж ханиадаг эсэх, ханиад цээ барьж хүрдг эсэх, биеийн ачааллын дараа агаар дутагдах мэт мэдрэмж төрдөг эсэх, шөнө амьсгалахад эбрхшээлтэй болон сэрж байсан эсэх)

ь Арьсны сорил

ь үзлэгээр амьсгалд туслах булчингууд оролцох, пульс олшрох, хүчдэл, дүүрэлт нь багасах, уушгинд агааржлт ихэссэн шинжүүд илрэх, уушгины артери дээр II авиа тодрох, чагнахад амьгал сулрах, исгэрсэн, дүнгэнэсэн хэржигнүүр амьсгал гаргалт дээр сонсогдох

ь Бронхолитик эмэнд үр дүнтэй байх

ь Цэр өтгөн зууралдамхай, тунгалаг, бага хэмжээтэй,

ь Спирограмм

Эмчилгээний зарчим

ь Шалтгааны хүчин зүйлээс тусгаарлах

ь Сэдрэлээс сэргийлэх

ь Удаан хугацааны эмчилгээ

ь Эмчийн хяналтад байх

ь Хүндийн зэргийг тогтоож удаан хугацааны эмчилгээний тактик боловсруулах

ь өвчтөнд өвчний тухай ойлгуулж, өөрөө өөрийгөө хянах, эм хэрэглэх аргад сургах

  • хүчилтөрөгч
  • салбутамол
  • преднизолон 30-60 мг-аар уухаар
  • М-холенолитик эм ( ипратропиум, )
  • Эуфиллин

Багтралаас сэргийлэх

ь Өвчтөнд өвчний тухай ойлгуулж, өөрөө өөрийгөө хянах, эм хэрэглэх аргад сургах

ь Өвчний хүндийн зэргийг эмнэлзүйн шинж тэмдэг, уушгины үйл ажиллагаагаар хянаж яаралтай эмчилгээ хийх хэрэгцээ гаргахгүй байх

ь Өвчтөнөөс эмээ яаж хэрэглэж байгаа болон шөнө ханиах, амьсгаадах, цээж шуугих зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгүүдийг асууж байх

ь Шалтгааны хүчин зүйлээс тусгаарлах: өрөө тасалгаагаа цэвэр байлгах, их чийгтэй орчинд хачигь мөөгөнцөр үрждэгийг анхаарах хэрэгтэй, өрөөндөө ургамал тарихгүй, амьтан тэжээхгүй байх, өрөөндөө хивс, чихмэл тоглоом гэх мэт тоос татдаг эдийг өрөөнөөс гаргах, номыг хаалттай шүүгээнд хадгалах, гэрийг тоос сорогчоор цэвэрлэх, Хоол хүнсний дэглэм баримтлах: дарсан, лаазалсан, давсалсан хүнсний бүтээгдэхүүн болон хоол амтлагч, шокалад, самар, өндөг, архи, дарс, загасны шөл, кофе, өтгөн цай гэх мэт гистамины үүсэлтийг ихэсгэдэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Уушгины буглаа /Абсцесс лёгких/ уушгины эд идээлж үрэвсэн тухайн хэсэгт бүрхүүл хальс бүхий идээтэй уут үүссэнийг уушгины буглаа гэнэ. Заримдаа буглаа нээгдэх үед ам дүүрэн идээтэй, өмхий үнэртэй их хэмжээний цэр гарна.

Уушги хатуурах эмгэг /Пневмосклероз/ нь уушги, гуурсан хоолойн удаан хугацааны өвчлөл, цусны бага эргэлтэнд үүсэх зогсонгишил зэргээс уушгины эд, эсүүд холбогч эдээр солигдон уушги хатуурч үйл ажиллагаа нь алдагдсан эмгэг байдал юм. Амьсгаадалт, хөхрөлт, ачаалал даах чадвар нь улам муудан гүнзгийрэн амьсгалын дутагдалд орно. Уушгин зүрх /Cor-Pulmоnalis/. Уушгины үйл ажиллагааны дутагдал, доголдол, цусны бага эргэлтийн хямрал, саатлын улмаас зүрхний баруун ховдол томрон түүний үйл ажиллагаа хямрах эмгэг байдал юм. Уушигны сүрьеэ /туберкулёз легких/.Сүрьэгийн бичил биетнээр үүсгэгддэг халдварт өвчин.

Б. Амьсгалын эрхтний эмгэгтэй хүмүүст хийгдэх сувилгааны үйл ажиллагаа

НЭГ. Зорилго.

1. Элбэг тохиолддог амьсгалын эрхтний өвчнүүд тэдгээрийн шалтгаан, эмгэг жам, эмнэл зүйн талаар тодорхой мэдлэгтэй болох

2. Амьсгалын эрхтний өвчнүүдийн талаар үйлчлүүлэгчээс өвчний болон сувилахуйн сонжих ба шинжих үзлэг хийж, хийгдсэн шинжилгээнүүдэд үнэлэлт өгч өвчнийг оношлох, ялган оношлох, сувилахуйн онош тавих, төрөлжсөн сувилахуйн үйл ажиллагаа, гардан хийх ажилбаруудын ур чадвар, арга зүйд суралцах

3. Амьсгалын эрхтний эмгэг өвчтэй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн мэргэжилтний анхан шатны, ур чадвар бүхий тусламж үйлчилгээг үзүүлж чаддаг болох.

4. Эмчилгээ, оношлогооны зориулалтаар хэрэглэдэг эм, уусмалуудын нэр, тун, үйлчилгээ, хэрэглэх болон эс хэрэглэх заалтуудыг мэдэж, тэдгээрийг зөв зохистой хэрэглэх.

ХОЁР. Суралцагсдын мэдэх зүйл.

1. Амьсгалын эрхтний эмгэг өвчнүүдийн үүсэх шалтгаан, эмгэг жам, үе шатыг мэдэх.

2. Амьсгалын эрхтний өвчнүүдийн үед илэрч гарах ерөнхий болон хэсэг газрын /ханиалгах, цэр гарах, амьсгаадах, амьсгал бачуурах, цээжээр өвдөх, уушгинаас цус гарах гэх мэт/ эмнэлзүйн шинжүүд.

3. Амьсгалын эрхтний эмгэгүүдийг оношлох, сувилахуйн онош тавих, үйл ажиллагааны өөрчлөлтийг нь тодорхойлох, ялган оношлох арга зүй.

4. Хийгдэх шинжилгээнүүдийг төлөвлөн үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх.

5. Амьсгалын эрхтний өвчнүүдийг эмчлэн, сувилж илааршуулах талаар мэдлэг олж авах.

ГУРАВ. Суралцагсдын чадах зүйлс.

1. Үйлчлүүлэгчийн өгүүлэмж, үзлэг, илрэх шинж тэмдэг, шинжилгээн дээр үндэслэн багийн гишүүдтэйгээ хамтран зөвлөлдөж, эмнэлзүйн сэтгэлгээг бодитойгоор явуулж өвчний болон сувилахуйн онош тавин эмчилгээ сувилгааны нэгдсэн төлөвлөгөө гаргах.

2. Үйлчлүүлэгчийнхээ биеийн ерөнхий байдалд үнэлэлт өгч шийдвэр гаргах.

3. Үйлчлүүлэгчид хийгдэх ерөнхий болон хэсэг газрын эмчилгээ, сувилгааг дүгнэн ярилцаж нэн шаардлагатай тусламжийг мэргэжлийн ур чадвартай, түргэн шуурхай хийж гүйцэтгэх.

4. Эмчилгээ сувилгааны анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдэх зүйлсийг бүрэн бэлтгэж, тэдгээрийн зориулалтыг мэдэж үйл ажиллагаандаа бүрэн хэрэглэх.

ДӨРӨВ. Сувилгаанд бэлтгэх зүйлс.

1. Үзлэг хийх багаж: чагнуур, цусны даралтын аппарат, шпатель, халууны шил, үзлэгийн бээлий

2. Үзлэг хийх ор.

3. Шинжилгээ авахад зориулагдсан багаж хэрэгслүүд.

4. Сувилгааны хэрэгслүүд: галт болон соруулгат бумбанууд, гич, ам угааж цэвэрлэх зүйлс, хүчилтөрөгч өгөх болон өтгөрүүлэх хэрэгслүүд, цэр авч хадгалах цэвэрлэж ариутгасан хлораминтай таглаатай сав

5. Тариа, сорил тарилга хийх хэрэгслүүд: тариур, бээлий, спирт, иод, сорил

6. Өвчтөний урьд болон сүүлийн үед хийгдсэн шинжилгээнүүдийн хариу: цээжний рентген зураг, цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, гуурсан хоолойн дурангийн шинжилгээ, цэрний шинжилгээ, цэрний антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон байдал.

7. Эмчилгээ сувилгааны үйл ажиллагаанд хэрэглэдэг, одоо хэрэглэж буй эм тариа, багаж тоног төхөөрөмжүүд.

8. Өвчтөний болон сувилахуйн түүх

ТАВ. Амьсгалын эрхтний эмгэгтэй хүмүүсийн сувилгаа.

1. Зориулалтын эмнэлгийн хувцсаа өмсөж гараа угааж бээлийгээ өмсөнө.

Үйлчлүүлэгч нартай эелдэгээр мэндэлж өөрийгөө болон өөрийн явуулах үйл ажиллагаа, эмчилгээ сувилгааны үйлдлийн талаар танилцуулан тэдний зөвшөөрлийг авна.

2. Үйлчлүүлэгчийн өрөөний эмх цэгц, орны засалт, цэвэрлэгээ, ариун цэвэрт анхаарал тавин холбогдох арга хэмжээг авч, зөвөлгөө өгч шаардлага тавина.

3. Өрөөнд нь цэвэр агаар оруулж шаардагдах угаалга цэвэрлэгээг хийлгэнэ. Орчин нөхцөл тоос шороо ихтэй, хуурайшилтай эсэх, хатуу ширүүн даавуугаар хийсэн хувцас, тасалгааны ургамал, цагаан хэрэглэл, үслэг, нийлэг, өдөн дэрнүүдтэй эсэх зэргийг анхаарна.

4. Амьсгал бачуурлын шинж бүхий үйлчлүүлэгчид аль болох хүйтэн агаараар амьсгалахгүй байхыг зөвлөнө.

5. Хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслаж, даарч хөрөхгүй байхыг, дулааны улиралд агаар, нар, байгалийн сайханд амарч, халуун элс болон зүлэг ногоон дээгүүр хөл нүцгэн явж, өөрийн биед хурамтлагдсан илүүдэл цахилгаан гүйдлийг саармагжуулах, бие мах бодио чийрэгжүүлэх хэрэгтэй.

6. Үйлчлүүлэгч нарынхаа хувийн ариун цэвэр, орчинд үзлэг хийж шаардлагатай хүмүүст тусламж үзүүлэх: усанд оруулах, хөл гарыг нь угаах, хумс болон үсийг нь авч өгөх, ор дэрийг нь аятай байдлаар засч хурааж өгөх буюу түүнд зааж сургах гэх зэрэг тусламж үзүүлнэ.

7. Үйлчлүүлэгчийг үзэж шинжлэхэд тохиромжтойгоор байрлуулан хувцсыг тайлж үзлэг хийхэд бэлтгэх.

8. Үйлчлүүлэгчийн хувцаслалтанд анхаарч, хөвөн зөөлөн материалаар хийсэн, бие барихгүй хувцас өмсөхийг зөвлөнө.

9. Багаар ажиллах аргад суралцах эмчлэгч эмч нар болон эмнэлгийн ажилтан нартай нэгэн баг болж хамтран ажиллаж, үзлэг шинжилгээ хийх, эмчилгээ сувилгааны үйл ажиллагааг төлөвлөн улмаар хамтран гүйцэтгэхэд нь идэвхи зүтгэл гарган хамт байх.

10. Үйлчлүүлэгчийн бие үзлэг хийх. Үүнд: биеийн жин, биеийн халуун, цусны даралт, судасны лугшилт түүний хэм тоо, зүрхний цохилт, амьсгалын байдал, чагнахад гарах өөрчлөлт, арьс салтын хөхрөлт, хаван зэрэг хэсэг газрын өөрчлөлт зэргийг үзнэ.

11. Үйлчлүүлэгчийн өвчний болон сувилахуйн түүхтэй танилцах, үйлчлүүлэгчээс асуумж авах, үзлэг хийх, хийлгэсэн шинжилгээ, эмчилгээ сувилгаатай танилцах зэргээр үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлж эмчилгээ үйлчилгээний үр дүнг өөрийн түвшинд тодорхойлно.

12. Сувилахуйн онош тавьж сувилгааны төлөвлөгөө боловсруулна.

13. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг судлан дүн шинжилгээ хийнэ.

14. Үйлчлүүлэгч нартай харилцахдаа тэдний итгэлийг олж аль болох эрүүл мэндэд нь чин сэтгэлээсээ туслан дэмжих хандлагатай байх.

15. Үйлчлүүлэгчийг үзсэн, асуумж авсан оюутнууд болон багшийн хамтарсан асуулт хариулт ярилцлагыг өрнүүлэх

16. Хоол ¹10. Уураг аминдэмээр баялаг илчлэг сайтай хоолыг өдөрт бага багаар олон удаа өгч байх хэрэгтэй. Хоолонд шинэ ногоо жимсийг өргөн хэрэглэнэ. Хоногт шингэний хэрэглээ 2000-3000мл байна. Цэр ихээр гарч байгаа үед уургийн алдагдал их байх тул уургийн бүтээгдэхүүнийг сайн өгч байх. Амьсгалын эрхтний эмгэгүүдийн ээнэгшлийн бус үед илчлэг багатай, давс шингэнийг хязгаарласан хоол өгнө. Цай, компот шүлтлэг шингэн, содтой сүү, эрдэслэг ус зэрэг шингэнийг их хэмжээгээр уулгана.

17. Архи тамхийг хориглоно.

18. Гуурсан хоолойн тэлэгдэх эмгэгийн үед гуурсан хоолойн өргөссөн хэсэг дэх идээ цэрийг аль болох сайн угааж цэвэрлэн гадагшлуулах нь чухал байдаг тул сувилагч ариутгасан уусмалуудыг захиалж хэрэглэхэд байнга бэлэн байлгах ёстой.

19. Байрлалд анхаарна. Гуурсан хоолойн тэлэгдэх эмгэгийн үед өргөссөн гуурсан хоолойд их хэмжээний цэр хуримтлагддаг тул цэр гадагшлахад дөхөмтэй байрлалд хэвтүүлэн доргионт иллэг хийнэ.

20. Гуурсан хоолойн архаг үрэвсэл, амьсгалын бачуурал бүхий өвчтөний орны толгой талыг нь өндөрлөж өгөх буюу өвчтөний цээжний хэсгийг нь 40-60 хэм өндөр болгон байрлуулж өгдөг.

21. Нөхөн сэргээх засал. Халуун нь буурч, хордлого тайлагдсан үед УВЧ, УФО, Лазер шарлага, электрофорез, диатерми, нөхөн сэргээх засал хийгдэхээс гадна цээжний хэсгийн иллэг, цээжний доргиолтыг тогтмол хийж байх ёстой.

22. Эмчилгээний биеийн тамирын амьсгалын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх, энэ үндсэн дээр зөв амьсгалах, зөв ханиах аргад сургах хэрэгтэй.

23. Нар, ус, агаараар чийрэгжүүлэх арга хэмжээ авна.

24. Гуурсан хоолойн архаг үрэвсэл, амьсгал бачуурах шинж бүхий өвчтөнд зөгийн балтай сүү, содтай ус, сармисны ханд төмсний уураар утлага хийнэ.

25. Шаардлагатай үед хүчилтөрөгч өгөх арга хэмжээ авна. Үүний тулд өрөөнд нь агаар цэвэршүүлэн өтгөрүүлэгч тавих, баллоноос буюу дэрнээс хүчилтөрөгч чийглэж өгөх.

26. Амыг нь угааж цэвэрлэж өгнө. Үүний зорилго нь амны хөндийг цэвэрлэж ариун цэврийг сахиулах, амны хөндийн эвгүй үнэрийг арилгах, хоол идэх дуршлыг нэмэгдүүлэх, амны хөндийгөөр дамжин халдвар тархахаас сэргийлэх, амны хөндийн үрэвсэлт эмгэгүүдээс сэргийлэх явдал юм. Амны хөндийг угааж цэвэрлэхэд оо, сойз, ам зайлах уусмалууд, бөөр хэлбэрт таваг, уруул хэсгийг тослох тос, алчуурууд, хэл баригч, хэл дарагч, хөвөн бөмбөлөгүүд, цорготой аяга, ариун цэврийн цаас, марль алчуур зэргийг бэлтгэнэ. Өөрөө амаа угааж цэвэрлэдэг бол ам угаахад хэрэглэгдэх зүйлсийг нь бэлтгэн өгч амыг нь угааж зайлуулна. Өөрөө амаа угааж чадахгүй бол сувилагч амыг нь угааж цэвэрлэж өгнө. Амыг нь угааж цэвэрлэхийн урьд хиймэл шүдийг авч содтай усанд хийж, унаж гэмтэхээргүй газарт тавина.

27. Шилэн болон соруулгат бумба, нунтаг болон наахад зориулсан гич тавина. Амьсгал бачуурал болж буй тохиолдолд хоёр хөлийг гичтэй усанд дүрэх буюу эрээн булчинд нь гич нааж өгнө.

28. Амьсгалын эрхтний эмгэгтэй хүмүүст амьсгалын дээд замын халдварын голомтууд болох цоорсон шүд, архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл, дунд чихний үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл зэргийг эрүүлжүүлэх нь өвчний сэдрэлээс сэргийлж, биеийн ерөнхий байдал эсэргүүцлийг сайжруулах сайн талуудтай тул эмчлүүлнэ.

ЗУРГАА. БИЕ ДААЖ ХИЙХ ДААЛГАВАР.

1. Гуурсан хоолойн үрэвсэл гэж юуг хэлдэг вэ?

2. Насанд хүрсэн эрүүл хүний амьсгал нэг минутанд хэд байх вэ?

3. Амьсгалын тоо хэвийн хэмжээнээс олширхийг юу гэдэг вэ?

4. Гуурсан хоолойн цочмог үрэвсэлийн гол шалтгаан юу вэ?

5. Гуурсан хоолойн архаг үрэвсэлийн шинжүүдийг нэрлэ.

6. Сүрьеэ өвчнийг ямар эмгэг төрөгч үүсгэдэг вэ?

7. Гуурсан хоолойн багтрааны хүндрэлийг нэрлэ.

8. Гуурсан хоолойн багтраааг тавиулахаар авах арга хэмжээнүүдийг нэрлэ.

9. Гуурсан хоолойн хурц үрэвсэлийн эмийн эмчилгээний зарчмыг нэрлэ.

10. Гуурсан хоолойн багтраа өвчний цэрний онцлог нь юу вэ?

11. Амьсгалын замын эмгэгтэй өвчтөнд илрэх шинж тэмдэгүүд юу вэ?

12. Уушгины үрэвсэлтэй өвчтөнд ямар сувилгаа хийх вэ?

13. Гуурсан хоолойн тэлэгдэх өвчний онцлог шинж юу вэ?

14. Цустай ханиалгаж буй өвчтөнд сувилахуйн ямар үйлдэл хийх вэ?

15. Гуурсан хоолойн архаг өвчний эмгэг жам нь юу вэ?

16. Гуурсан хоолойн багтрааг зүрхний багтраанаас ялгах шинжүүд юу вэ?

17. Цэр ховхлох зорилгоор сувилахуйн ямар тусламж үзүүлэх вэ?

18. Гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй өвчтөнд сувилгааны ямар зарчмууд баримтлах вэ?

19. Гуурсан хоолойн багтрааны шинжүүдийг нэрлэ.

20. Гуурсан хоолойн хурц үрэвсэлийн үеийн сувилгааны зарчмуудыг нэрлэ.

21. Гуурсан хоолойн багтраа үүсэх гол шалтгаанууд юу вэ?

22. Гуурсан хоолойн тэлэгдэх өвчний хүндрэл нь юу вэ?

23. Уушгины хатгалгаа өвчний үед цусны ерөнхий шинжилгээнд ямар өөрчлөлт гарах вэ?

24. Хурц хатгалгааны үед ямар шинжүүд гарах вэ?

25.Цээжний гялтан хальсны үрэвсэл гэж юу вэ?

26.Гуурсан хоолойн архаг үрэвсэлийн үед ямар заалтаар антибиотек эмчилгээ хийх вэ?

Амьсгалын замын эмгэгтэй үйлчлүүлэгчдийг судлан шинжлэх

  1. Шинжлэн судлах хийсвэр аргууд

Зовуурь

Түгээмэл илрэх өвөрмөц шинжүүд :

ханиалгах

  • цэр гарах
  • цусаар ханиах
  • амьсгаадах
  • амьсгал боогдох
  • цээж өвдөх

Өвөрмөц бус шинжүүд:

  • халуурах
  • хөлрөх
  • бие сулрах
  • бүх бие өвдөх
  • хоолонд дургүй болох
  • толгой өвдөх
  • турах
  • нойр муудах

Өвчний түүх

  • Өвчин хэзээ эхэлсэн
  • Яаж эхэлсэн
  • Өвчин эхлэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүд
  • Хийлгэсэн шинжилгээнүүд
  • Хийлгэсэн эмчилгээнүүд

Амьдралын түүх

  • Бага насандаа өвдсөн халдварт өвчнүүд
  • Амьдралын нөхцөл, боломж
  • Ажлын нөхцөл
  • Мэргэжил
  • Хорт зуршлууд
  • Харшлын өгүүлэмж
  • Удамшлын өгүүлэмж
  1. Шинжлэн судлах бодит аргууд

Ажиглахуй

Хүрэлцэн мэдрэхүй

Тогшихуй

Чагнахуй

  • Албадмал байрлал
  • Царайны илрэл
  • Хүзүүний үзлэг
  • Арьс салс бүрхүүл
  • Цээжний хэлбэр
  • Өвдөлт
  • Дууны доргион
  • Уян хатан чанар үзэх

  • Харьцуулсан тогшилт
  • Байршлын тогшилт
  • Цулцангийн амьсгал
  • Гуурсан хоолойн амьсгал
  • Хэржигнүүр
  • Шажигнуур

Гуурсан хоолойн багтрааны үеийн шинжүүд ба сувилагчийн үүрэг

Үйлчлүүлэгчдийн зовуурь

Үзлэгээр илрэх шинжүүд

Сувилагчийн авах арга хэмжээ

Бэлтгэх зүйлс

1.Бачуурал

2.Ханиалгах

3.Муу ховхордог цэр

4.үнэрт мэдрэг байдал

1.Амьсгал гаргалт саадтай

2.Албадмал байрлал

3.Амьсгал зайнаас сонсогдоно

4.Амьсгалд туслах булчингууд хүчтэй оролцоно

1.Үйлчлүүлэгчийг ая тухтай байрлалд байрлуулах

2.Бариу хувцасыг тайлах

3.Халаасны цацлагыг хэрэглэх

4.Өрөөнд цэвэр агаар оруулах

5.Эмч дуудах

1.Тариурууд

2.эуфиллин

3.адреналин

4.преднизолон

5.атропин

Гуурсан хоолойн болон зүрхний багтрааг ялган оношлох

Шинж тэмдэгүүд

Гуурсан хоолойн багтраа

Зүрхний багтраа

Урьд нь өвдсөн өвчнүүд

Амьсгалын эрхтнүүд

Цусны эргэлтийн эрхтнүүд

Насны байдал

Янз бүрийн насанд

Ихэвчлэн настай хүмүүст

Багтрааны сэдрэлийн үеийн өвчтөний зан байдал

Хөдөлгөөн бага

Хөөрлийн байдал

Амьсгаадалт

Амьсгал гаргалт саадтай

Амьсгал авалт саадтай

Уушгийг чагнахад

Олон тооны хуурай хэржигнүүр

Уушгины доод хэсгээр дуутай биш жижиг голч бүхий хэржигнүүр

Зүрх

Уушгины артери дээр 2-р авиа акценттай.

Хил хязгаар нь ихэвчлэн өөрчлөгдөхгүй

Хил хязгаар зүүн тийш өргөссөн.

Зүрхний хэм алдагдана.

Судасны лугшилтын тоо олширно.

Цэр

Зунгааралдсан муу ховхордог цэр гарна.

Бичил харуурт их хэмжээний эозинофил харагдана.

Амархан ховхордог цэр заримдаа цусны хольцтой цэр гарна.

Бичил харуурт эозинофил бараг байдаггүй.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Bilguun (зочин)

heregtei medeelel baina bayrlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Цаг байна уу?

bi hen be gewel

Zia ehleed namaig enh-erdene gedeg. Bi odoo 17 nastai ondor 180 bhaa. 1992 onii 11 sariin 30 nd tursun. Gaduur teneh durtai amid hugjim sonoh durtai. ZA ZA NEG DAJGUI ZALUU BIIDEE!!!!!!

tsag agaar

Thanks